Munkhuuluu
2011-05-10
Хүн худалдаал гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх зарим асуудал

Ангилал: Криминологи судалгаа, шинжилгээ

2010.03.10           

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр иргэд гадаад улс руу чөлөөтэй зорчиж ажил эрхлэх, аялах боломж бүрдсэн нь иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэх баталгааны нэг илрэл болсон. Үүний зэрэгцээ ажилгүйдэл, ядуурал, жендер, эрүүл мэнд, шилжин суурьшилт, эдийн засгийн хөгжлөөс шалтгаалан гадагшаа гарч ажил, хөдөлмөр эрхэлж орлого олох, амьдралаа дээшлүүлэх гэсэн иргэдийн хүсэл, хэрэгцээ, шаардлагыг зарим иргэд овжингоор ашиглаж, тэднийг худалдаалж, ашиг хонжоо олох хэрэгслээ болгох явдал гарах болсон юм.

2005 онд “Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах” үндэсний хөтөлбөрийг баталж, улмаар 2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлан гаргасан “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт болох хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протокол”-д нэгдэн орсон.

Эрүүгийн хуульд хүн хулгайлах, худалдаалах, хүний цус, эд эрхтэнг хууль бусаар авах, хууль бусаар хүүхэд үрчлэх зэрэг гэмт хэргийг хуульчилж, Улсын Дээд Шүүхээс тайлбар гаргасан, Садар самуунтай тэмцэх, Захиргааны хариуцлагын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай зэрэг зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдэх эхлэл тавигдсан.

Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал: Сүүлийн жилүүдэд иргэд, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг худалдаалах нь дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болсон. Хүн худалдаалах гэмт хэрэг нь улс үндэстэн дамнасан шинжтэй болж, мансууруулах бодис, зэвсгийн хууль бус наймаатай харьцуулахад хүнийг олон удаа наймаалдаг, тэрбумаар тоологдох ашиг орлого өгдөг хууль бус бизнес болон өргөжиж байна.

Дэлхийд жил тутам хүн худалдаалах гэмт хэргээс олж буй хууль бус ашиг орлого 31.6 тэрбум ам доллар байна гэсэн судалгаа байна. Үүний 49% нь аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудад, 30.6% нь Ази, Номхон далайн орнуудад, 4.1% нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад, 5% нь Африкийн Сахарын орнууд, 4.7% нь Ойрхи Дорнод болон Хойд Африкийн бүс нутгуудад явагдаж байна[1].

Манай хөрш зэргэлдээ БНХАУ хүн амынхаа тооны өсөлтийг барих зорилгоор “Нэг хүүхэд”-ийн гэх бодлогыг баримталснаар нийт хүн амын хүйсийн харьцаа алдагдаж гэрлэх насны эмэгтэйчүүдийн эрэлт ихэссэн талаар албан бус эх сурвалжид дурдагдсан байна[2]. Энэ нь тус улсын эрэгтэй хүмүүсээс Монгол улсын эмэгтэйчүүдтэй гэр бүл болох явдал цаашид нэмэгдэх магадлалтай юм.

АНУ-ын төрийн департментаас гаргасан “Хүний наймааны тухай тайлан”-д Монгол Улсыг 2007-2008 онд 2-р ангилалд багтах улс орнуудын тоонд оруулж охид эмэгтэйчүүдийг БНХАУ-ын Макао хот, Өмнөд Солонгос зэрэг улсад бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалж байгаа тухай дурьдсан бол 2009 онд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг “Монгол улсын төр засаг өөрийн хүчинд бус төрийн бус байгууллагуудын хүчин чармайлтад” найдсаар байгаа талаар дурьджээ.

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэж, хуулийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа талаар авч үзвэл сүүлийн 5 жилд (2006-2010 он) хүн худалдаалах 71 холбогдогч, 129 хохирогчтой 51 гэмт хэрэг, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 92 холбогдогч, 59 хохирогчтой 82 гэмт хэрэг тус тус цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан байна. Үүнийг дэлгэрэнгүй байдлаар хүснэгтээр үзүүлье.

 

Он

Хүн худалдаалах /ЭХ-ийн 113-р зүйл/

Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах /ЭХ-ийн 124-р зүйл/

хэрэг

холбогдогч

хохирогч

хэрэг

холбогдогч

хохирогч

2006

8

10

25

4

4

2

2007

10

12

22

14

17

17

2008

11

15

11

42

47

24

2009

14

21

53

11

12

9

2010

8

13

18

11

12

7

Бүгд

51

71

129

82

92

59

 

Нэг гэмт хэрэгт өртсөн хохирогчдын дундаж тоо харьцангуй цөөн харагдаж байгаа боловч хохирогчдын бодит тоог тогтооход багагүй хүндэрэлтэй байдаг. Гэмт хэргийн гэрч, хохирогчдыг олж тогтоох, эх оронд нь буцаан ирүүлэх асуудал цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн болон бусад нөхцөл байдлын хувьд нилээд хүндрэл учруулдаг.

Дээрхи тоон үзүүлэлтээс үзэхэд хүн худалдаалах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг тогтвортой буурах хандлага харагдахгүй, энэ нь нуугдмал, зохион байгуулалттайгаар үйлдэгддэг, хохирогчийн зүгээс тэр бүр хуулийн байгууллагад гомдол гаргадаггүйтэй холбоотой юм.

            Нийгэм, улс төрийн төлөвшил дутмаг, эдийн засгийн хөгжлийн түвшин буурай, ажилгүйдэл, ядуурал буурахгүй байгаа, эмэгтэйчүүд биеэ үнэлэх явдал газар авсан[3], иргэдээс гадаад оронд ажиллах сонирхол нэмэгдэж гадагшаа чиглэсэн ажиллах хүчний урсгал бий болж, түүнийг дагаад виз, паспортын хууль бус ажиллагаа идэвхижсэн, эмэгтэйчүүд гадаадын иргэнтэй гэр бүл болох нь ихэссэн, эдгээр харилцааг зохицуулах эрх зүйн орчин боловсронгуй бус, гэм буруутай этгээдэд оногдуулж байгаа шийтгэл, цээрлэл оновчтой биш байгаа зэрэг нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх суурь шалтгаан болж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгдэж буй арга, хэлбэрийн хувьд гадаадад өндөр цалинтай ажилд оруулна, сургуульд тэтгэлтэй суралцуулна, виз гаргаж өгнө, гадаадын баян бололцоотой хүнтэй гэр бүл болоход нь зуучилна, хүүхэд үрчлэнэ гэх мэтээр зар гаргаж, хүмүүсийг цуглуулж, объектоо судалж сонгох, хил давуулан гаргахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх ажиллагааг гүйцэтгэж, хүргэх газар руугаа тээвэрлэж байна.

Урьд өмнө гэмт этгээдүүд хохирогчдыг элсүүлэхдээ өндөр цалин хөлс амлах зэргээр хуурч мэхлэх аргыг хэрэглэж байсан бол сүүлийн үед “биеэ үнэлэгчдээс сонгох” хандлага ажиглагдаж байгаа ба энэ нь ЭХ-д заасан гэмт хэргүүд /113, 124-р зүйл/-ийн ижил төсөөтэй байдлыг ашиглан эрүүгийн хариуцлагаас зайлсхийх, хөнгөн зүйл ангиар ял шийтгэгдэх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг бий болгох зэргээр хууль тогтоомжийн хийдэгдлийг ашиглах санаа бодлыг агуулж байж болзошгүй байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн зарим шалтгаан нөхцөлд:

·         Хууль бус, хуурамч зар сурталчилгаа;

·         Гадаадын иргэнтэй гэр бүл болох, зуучлах;

·         Хүүхэд үрчлэлт, түүнд тавих хяналт сул;

·         Хараа хяналтгүй хүүхдүүдээс өртөх эрсдэл өндөр;

·         Иргэд, ялангуяа насанд хүрээгүй хүнийг гадаадад зорчиход тавих хяналт дутмаг;

·         Гадаадын иргэдийн сөрөг нөлөөлөл;

·         Хүний эд, эрхтнийг донор болгон ашиглах явдал зэргийг дурьдаж болохоор байна.

Манай оронд биеэ үнэлэлт, түүнийг зуучлах зохион байгуулах гэмт явдал нууц далд хэлбэрт шилжиж зохион байгуулалтанд орох, насанд хүрээгүй хүнийг садар самууны сурталчилгаанд ашиглах, татан оруулах, бэлгийн мөлжлөгт ашиглах, худалдаалах гэмт хэрэгт татан оруулах зэрэг хууль бус үйлдэл нэмэгдэх хандлага харагдаж байна.

Гадаад улс оронд Монгол эмэгтэйчүүд олноор биеэ үнэлж байгаа талаар албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа боловч яг хэдэн хүн биеэ үнэлж тэдгээрийн хэд нь хүн худалдах гэмт хэргийн хохирогч болсон талаар баримтад тулгуурласан албан ёсны тоо одоо хэр нь байхгүй байна.

БНХАУ-ын Шинжинь, Гуанжу, Тяньжин, Сижажан, Ордос, Шанхай, Алтан-Эмээл, Цинхуанда хотууд, БНХАУ-ын Шинжань-Уйгарын өөртөө засах оронд Монгол охидууд бага бус тоогоор биеэ үнэлж байгаа талаар мэдээлэл бий.

БНХАУ-ын Эрээн, Бээжин, Гуанжу, Макао хот, Малайз, Сингапур, Казакстан, Турк, БНСУ, БНЧУ, Герман, Япон улс болон дээрх улсуудаар дамжин бусад улс руу Монгол улсын иргэдийг бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор худалдах, гэр бүл зуучлал, хүүхэд үрчлэлтээр халхавчлан энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх магадлал байна.

Хүний эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг улс орон бүр эрчимтэйгээр хийж байгаагаас манай өмнөд хөрш тэргүүлэх хэмжээнд хийж байгаа нь нь эд эрхтний томоохон эрэлт бүхий зах зээлийг бий болгож болзошгүй юм.

Монгол улсад хөдөлмөрийн мөлжлөгөөр бусдыг хил давуулан худалдаалсан гэмт хэрэг үйлдэгддэг боловч зүйлчлэх практик дутмагаас хуулийн байгууллагад бүртгэгдэж шалгагдахгүй байна. Өөрөөр хэлбэл энэ гэмт үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэгтэй адил утгаар зүйлчлэх явдал байна. Энэ нь НҮБ-ын Палермогийн протоколд зааснаар бол хүн худалдаалах гэмт хэргийн нэг хэлбэр мөн юм.

            Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйлдэгдэж болзошгүй эмзэг газрууд, оролцогч субъектууд, харилцах сувгууд, өртөмтгий хүмүүсийн талаарх мэдээллийг судлах, эрсдэлд оруулж байгаа хүчин зүйл, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох, шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч, ЦЕГ-ын даргын 2010 оны 394 дугаар тушаалаар Улсын мөрдөн байцаах газарт Хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөх тасгийг байгуулан ажиллуулж байна.

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг, Макао, Шиньжины хууль хяналтын байгууллагуудтай Монгол иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллөөр хангах зэрэг асуудлын хүрээнд хамтран ажиллах тухай хүсэлт тавьж, Макаотай хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан нь чухал ач холбогдолтой ажил болсныг хэлэх нь зүйтэй.

Хүн худалдаалах гэмт хэрийг илрүүлэх, шалгах ажиллагаа явуулахад дараах хүндрэл бэрхшээл учирч байна. Үүнд:

ь Тэмцэх эрх зүйн орчин төгс бус;

ь Гэмт хэргийн оролцогч, хохирогч нар ихэвчлэн гадаадад байдаг байсан учраас нотлох баримт бүрдүүлэх, байцаан шийтгэх зарим ажиллагааг гадаад улсын нутаг дэвсгэрт явуулах боломжгүй;

ь Гэмт хэргийн гэрч, хохирогчдыг олж тогтоох, эх оронд нь буцаан ирүүлэх асуудал ихэвчлэн хүндрэлтэй;

ь Монголд хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалах явдал улс орны хэмжээнээс хальж, хилийн цаана гарсан байхад хүний наймаачдыг мөрдөн мөшгих, хохирогчдод туслалцаа үзүүлэх тал дээр худалдаалагдаж очсон орнуудтай хамтран ажиллах явдал хязгаарлагдмал;

ь Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ хийгдээгүй орнуудад ЭБША хийлгэхэд хүндрэлтэй зэрэг юм.

Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхдээ эмэгтэйчүүд, охидыг худалдсан байхад үйлдэл нэг бүрийг нарийн шалгаж, тогтоолгүйгээр зарим үед хүн худалдаалах хэргийг орхигдуулж, хөнгөн зүйлээр зүйлчилж хуулийн алдаа, хийдлээс болж ял завшуулах боломжийг олгож байна.

Дээрх Палермогийн протоколд заасан хүн худалдаалах гэмт хэргийн талаарх заалтууд нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл, Улсын Дээд Шүүхийн 2008 оны 12 дугаар тогтоолд бүрэн тусгалаа олоогүй, зарим зүйл, заалтуудтай давхцах байдлаар эрх зүйн хийдэл үүсгэж байна.

Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Эрүүгийн хууль тогтоомж нь МУ-ын Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэнэ” гэж заасан боловч нэгдэн орсон гэрээгээ мөрдөх үү, эсвэл Эрүүгийн хуулийн 113, 115, 124 зүйлүүдийн хоорондоо зөрчилтэй заалтыг уу, эсвэл Улсын Дээд Шүүхийн тайлбарыг мөрдөх үү гэдэг эргэлзээтэй, нэгмөр ойлголт байхгүйгээс хуулийг хэрэглэхэд гарсан эргэлзээг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэгдэж, хохирогчид нь нэг мөр хохирон үлдэж байна. 

САНАЛ

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн болон үйл ажиллагааны орчинг сайжруулах чиглэлээр дараах саналыг оруулж байна. Үүнд:

Нэг. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд:

1.1. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын конвец, протоколтой үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэн өөрчлөх; 

1.2. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын нэг үндэс нь гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах явдал тул энэ асуудлыг судалж, гэрч, хохирогчийг хамгаалах хуультай болох;

1.3. Донорын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “хүний эд, эрхтний бэлэглэл”-ийн хувьд эцэг, эх, садан, төрлийн хүмүүсээс бусад хүмүүст бэлэглэх асуудлыг хориглосон хэм хэмжээг тусган оруулах;

1.4. Гэр бүлийн тухай хуульд гэр бүл зуучлах, хүүхэд үрчлэх, гадаадад суралцуулах харилцааг нарийвчлан зохицуулж, энэ үйл ажиллагаа эрхлэхэд хязгаарлагдмал тусгай зөвшөөрөл олгох байдлаар зохицуулах;

1.5. Зар сурталчилгааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож хууль бус зар сурталчилгааг хязгаарлах, хууль бус зар сурталчилгаа хийсэн байгууллага, иргэдтэй тооцох хариуцлагыг чангатгах;

1.6. Гадаад орнуудтай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд хүн худалдаалах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх талаар нэмэлт заалт оруулах, зарим гэрээг шинэчлэх, шинээр байгуулах, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхижүүлэх, мэдээлэл, туршлага солилцох;

Хоёр. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд:

2.1. Төр засаг, төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн оролцоотойгоор Үндэсний хэмжээний тандалт судалгааявуулах замаар нөхцөл байдлаа зөв тодорхойлох, хариу авах арга хэмжээний стратеги бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн төр, засгаас шийдвэрлэж байх;

Засгийн газрын 2005 оны 234 дүгээр тогтоолоор баталсан “Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг нь эрчимжүүлэх, тавих хяналтыг чангатгаж үр дүнг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

2.2. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын боловсронгуй болгох, нэгжийн хүн хүчийг нэмэгдүүлэх, мэргэшсэн алба хаагчдыг бэлтгэн сургаж дадлагажуулах, гадаад орны туршлага судлуулах зэргээр чадавхижуулах;

2.3. Монгол улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдад цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг ажиллуулах нөхцөл боломжийг судлаж шийдвэрлүүлэх; /Сингапур, Казакстан, Турк, БНСУ, БНЧУ, Герман, Япон БНХАУ-ын Макао, Малайз, Тайланд/

2.4. Иргэний бичиг баримтыг хэвлэх асуудлыг төрийн мэдэлд буюу Бүртгэлийн ерөнхий газрын харъяанд тусгай хамгаалалтын дор үйл ажиллагаа явуулдаг болгох;

- Хүүхдийн төрсний гэрчилгээг зурагжуулах, эсвэл насанд хүрээгүй хүмүүс гадаадад зорчих тохиолдолд зөвхөн гадаад паспортоор зорчдог жишигт шилжих;

- Хил орчмын цагаан хуудас буюу хавсралтаар хүмүүсийг гаргах явдлыг бүр мөсөн зогсоох;

2.5. Хил хамгаалах, Цагдаагийн байгууллага, Бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын хооронд мэдээллийн сүлжээг бий болгох, бодит мэдээллийг харилцан солилцох бололцоог бүрдүүлэх;

2.6. Хуулийн байгууллагууд болон төрийн, төрийн бус байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, шаардлагатай тохиолдолд үнэн зөв мэдээллээр нийгэм, олон нийтийг хангах, хуулиар хориглоогүй боломжтой бүх тохиолдолд хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх;

- Хараа хяналтгүй, тэнэмэл, биеэ үнэлдэг насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ажлыг эрхлэн явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулан, хяналтын тогтолцоог үр өгөөжтэй болгоход хамтран ажиллах;

Гурав. Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд:

3.1. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй хүчирхийлэл , садар самуун зэрэг ёс бус байдлыг харуулсан кино, мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байгааг анхаарч, хязгаарлалт хийх, гэр бүл, хүүхдэд ээлтэй нийтлэлийн бодлого явуулах, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх;

3.2. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, түүний мөн чанарын талаарх хичээлийг хуулийн байгууллагын ажилтнууд болон их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлөвлөгөөнд оруулан баталж мөрдүүлэх;

3.3. Гадаад руу чиглэсэн төрөл бүрийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг бүрэн бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж байх;

3.4. Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаарх мэдээллийг хилийн шалган нэвтрүүлэх албад, иргэний бүртгэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл солилцдог болох, гадаадад зорчих баримт бичиг олгох, хилээр нэвтрүүлэх асуудалд тавих хяналтыг сайжруулах;

            3.5. Үйлчилгээний салбар хөгжиж байгаагийн дийлэнх зугаа цэнгээний гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, зочид буудал, баар, массаж, сауны  газрууд нь дотоодод бэлгийн мөлжлөгт өртөх цэг болж байгаад анхаарч гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хэрэгжүүлэх хяналтыг сайжруулах;

            3.6. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг үнэ төлбөргүй явуулж, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар нийгэмд зөв мэдээлэл өгөхөд анхаарах зэрэг болно.

 

1humantrafficking.change.org сайт

[2] news.bbc.co.uk сайт

[3] Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Үндэсний статистикийн хорооноос 2010 онд хийсэн судалгааны тайланд дурдсанаас үзэхэд нийт 4683 хүн бүртгэгдсэнээс 13.6 хувь нь гудамж талбай, 86.4 хувь нь ямар нэгэн үйлчилгээний газар, дуудлагаар биеэ үнэлдэг тооцоо гарчээ.


Comments

Жаргалан жаргалан, энэ ертөнцийн түмэн жаргалан, түүний дотор эрүүл энхийн жаргалаан гэж

Сүүлийн бичлэгүүд

. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал
. Хүн худалдаал гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх зарим асуудал
. Архидан согтуурал ба эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал
. Согтуурал ба гэмт хэрэг
. Зөвлөмж
. Өөдрөг явахыг хүссэн 25 санамж
. Миний блог
. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ болон гэмт хэрэг, зөрчлийн байдалд 2009 онд хийсэн дүн шинжилгээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо
. mongolxvv
. tungaamaa
. uka
. arius
. Чойрын Хүү

Бичлэг: 2 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax