Munkhuuluu
2010-09-07
Согтуурал ба гэмт хэрэг

Ангилал: Криминологи судалгаа, шинжилгээ

“СОГТУУРАЛ БА ГЭМТ ХЭРЭГ”-ИЙН КРИМИНОЛОГИ СУДАЛГААНЫ ТУХАЙ

2010.09.08                                                                                                                                                     

 Согтуурал нь хүн төрөлхтний түүхэн дэх гэмт явдал, хүчирхийллийн өдөөгч хүчин зүйлсийн нэг байсаар ирсэн хор аюул, хохирол ихээр дагуулдаг, нийгмийн сөрөг үзэгдэл бөгөөд илрэн гарах хүнд хэлбэр нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил юм.  

Архидан согтуурах явдалтай төр засгаас тэмцэж байгаа боловч нийгмийн хувьсал, хөгжил, цаг үеийн шаардлагыг зөв мэдэрч, бодитой мэдээ, мэдээлэл, судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, түүнээс урган гарсан санал, санаачлагад тулгуурлан урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 

“Согтуурал ба гэмт хэрэг” сэдвийн хүрээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлан тогтоож, үнэлэлт дүгнэлт өгч, архидан согтуурахтай тэмцэх болон энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний саналыг тодорхойлохыг зорилоо.  

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ: Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, хоёр хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна[1] гэж хуульд заасан байдаг. Өнөөдөр манай улсад спиртийн 16, архины 93, шар айрагны 21, дарсны 14 үйлдвэр албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж, согтууруулах ундаа үйлдвэрлэж байна.[2] Үндэсний статистикийн хорооноос гаргасан статистик мэдээллээс үзэхэд сүүлийн таван жилд нийтдээ 173.4 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн нь[3] жилд дунджаар 8.6 сая литрээр өссөн төдийгүй 2010 онд 62.0 сая литрийг үйлдвэрлэгдэх прогноз гарч байна.  

Үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4 хувийг спирт, 32.0 хувийг архи, 5.0 хувийг дарс, 49.6 хувийг пиво тус тус эзэлж байна.

 Дотоодын үйлдвэрлэлийн зэрэгцээ гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундааг импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ. Согтууруулах ундааны импортын хэмжээ 2008 он хүртэл өсч, харин 2009 онд буурчээ. 

Сүүлийн 5 жилд нийтдээ 449.6 мянган литр согтууруулах ундааг гадаадад экспортолсон нь дотоодын үйлдвэрлэл, импортын дөнгөж 0.2 хувийг эзэлж байна. 

            Өнөөгийн байдлаар согтууруулах ундаагаар иргэдэд үйлчилдэг аж ахуйн нэгжийн тоог аваад үзэхэд, улсын хэмжээнд ресторан, зоогийн газар 569, диско, караоке баар 904, кафе 453, хүнсний дэлгүүр 5804, бөөний төв 214 үйл ажиллагаа явуулж байгаа[4] нь Монгол Улсын Үйлдвэр, худалдааны Сайдын 2008 оны 05 тоот тушаалаар баталсан “2000 хүн ам тутамд согтууруулах ундаагаар үйлчилдэг нэг аж ахуйн нэгж, байгууллага байхаар тогтоосон” тушаалын хэрэгжилт хангалтгүй, норматив хэмжээнээс хэд дахин их байгааг харуулж байна.  

            Зөвхөн 2009 онд үйлдвэрлэсэн, импортолсон согтууруулах ундаанаас экспортынх хэмжээг нь хасаад тооцож үзэхэд 18 ба түүнээс дээш насны нэг хүнд 36.4 литр орчим литр согтууруулах ундаа /үүнийг тодруулбал: спирт 2.0, архи 9.7, пиво 24.1, дарс 0.7/ ногдож буй үзүүлэлт гарч байна. 2009 оноос урьд онуудад үйлдвэрлэсэн, одоо худалдаанд гаргахад бэлэн байгаа болон шимийн архи, айраг, үйлдвэрлэлийн бус аргаар, хууль бусаар бэлтгэсэн, худалдаалсан архины хэмжээг тооцоололд авч үзээгүй болохыг заавал дурьдах нь зүйтэй.  

            Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг: Согтуурал нь хүмүүсийг харш зан ааш, үйлдэл гаргах бодит нөхцөл байдлуудыг бүрдүүлдгээр барахгүй хүнийг гэмт хэргийн замд шууд түлхэн оруулж байна. Зарим хүмүүс архи уусан үедээ гэмт хэрэг, зөрчил санаатайгаар үйлдэх, эсвэл санамсар болгоомжгүй байдлаар үйлдэх явдал байсаар байна.

            Тухайлбал, сүүлийн 5 жилд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн түвшин 2007 он хүртэл өсч, харин 2008 оноос буурсан үзүүлэлттэй байгаа ч эрчимтэй буурахгүй, харин нийт хэрэгт эзлэх хувийн жин нь өсөх хандлага ажиглагдаж байна.

 Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2143 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.1 хувиар өсч, нийт гэмт хэрэгт эзлэх хувийн жин 25.7 хувь болж, 3.4 пунктээр өсчээ.  

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс аймагт 14.3 хувиас 2.7 дахин, нийслэлд 7.6 хувиар, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Налайх дүүрэгт 11.2 хувиас 2.5 дахин тус тус өсч, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт 4.3-40.4 хувиар, нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүрэгт 3.0-75.0 хувиар, Төмөр замын салбарт 20.0 хувиар тус тус буурсан байна.  

Хүн ам төвлөрсөн суурин газруудад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг бусад газраасаа харьцангуй их гарчээ. Тухайлбал, нийслэл хотод 982, үүний дотор Баянзүрхэд 288, Чингэлтэйд 161, Сүхбаатарт 159, Сонгинохайрханд 124 болон аймгуудаас Сэлэнгэд 127, Дархан-Уулд 104, Дорноговьд 101 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.  

Статистик мэдээлэл, практикаас үзэхэд тодорхой хэдэн төрлийн гэмт хэрэг архидан согтуурсаны улмаас үйлдэгдэж байна. Үүнд:

·         Хүний амь насыг хохироох;

·         Амиа хорлох болон золгүй байдлаар амь насаа алдах;

·         Бусдын бие махбодид гэмтэл учруулах;

·         Хүчиндэх;

·         Бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх;

·         Танхайрах;

·         Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тодорхой хэсэг нь архидан согтуурсаны улмаар үйлдэгдэж байна.

 Мөн дээрх төрлийн гэмт хэргүүд нь нийт гэмт хэрэгт эзлэх хувийн жин өндөр байдаг онцлогтой төдийгүй бүртгэгдсэн бүх хэргийн 80-90 орчим хувийг эзэлж байна. Бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдийн 20 орчим хувь нь шууд архидан согтуурсаны улмаас үйлдэгджээ. Нийт хэргийн хувьд ийм байдаг бол харин хэргийн төрлөөр авч үзвэл зарим хэрэг дээр харьцангуй өндөр үзүүлэлттэй гарч байгаа юм.  

2009 оны жилийн эцсийн байдлаар тодорхой төрлийн гэмт хэрэг тус бүр дээр зарим тоо баримтыг авч үзье.

 Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 52.4% нь бусдын бие махбодид гэмтэл учруулах, 17.9% нь танхайрах, 7.9% нь хулгайлах, 5.5% нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 4.3% нь дээрэмдэх, 3.8% нь хүчиндэх, 3.4% нь хүнийг санаатай алах, 1.1% нь амиа хорлосон болон золгүй байдлаар нас барах, 1.6% нь бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна.

 Энэ төрлийн гэмт хэргийн 26.9% нь гудамж талбайд, 34.7% нь гэр, орон сууцанд, 3.3% нь албан газар, аж ахуйн нэгжид, 2.7% нь нийтийн зах худалдаа, үйлчилгээний газарт, 5.8% нь зочид буудал, ресторан, бааранд үйлдэгджээ.

 Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн халдлагад 5030 иргэн өртсөнөөс 246 хүн нас барж, 3318 хүн гэмтэж, 915.3 сая төгрөгийн хохирол учирсаны 985.3 сая төгрөг буюу 72.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.

 Согтуугаар үйлдэгдсэн тодорхой зарим төрлийн гэмт хэргийн хувьд:

Хүнийг санаатай алах (ЭХ-ийн 91 дүгээр зүйл) 146 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 3.4%, хүнийг санаатай алах бүх хэргийн 65.4 хувийг тус тус эзэлж байна. Дээрх 146 хэрэгт 172 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 10 нэгжээр буюу 7.4 хувиар, хүн 14 нэгжээр буюу 8.9 хувиар, гэмт хэргийн улмаас 137 хүн нас барсан нь 8 нэгжээр буюу 6.2 хувиар тус тус өссөн;
Амиа хорлосон болон золгүй байдлаар 1310 хүн нас барсаны 154 буюу 11.8 хувь нь архидан согтуурсанаас үүдэн нас баржээ. Амиа хорлосон болон золгүй байдлаар хүн нас барсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг ба бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 764 бүртгэгдсэний 5.9% нь архидан согтуурсанаас болсон байна.
Бусдын бие махбодид гэмтэл учруулах
(ЭХ-ийн 96-100 дугаар зүйл) 2228 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 52.4%, бусдын бие махбодид гэмтэл учруулах бүх хэргийн 38.6 хувийг тус тус эзэлж байна. Дээрх 2228 хэрэгт 2441 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 229 нэгжээр буюу 11.5 хувиар, хүн 319 нэгжээр буюу 15.0 хувиар, гэмт хэргийн улмаас 2203 хүн гэмтсэн нь 199 нэгжээр буюу 9.9 хувиар тус тус өссөн;
Хүчиндэх
(
ЭХ-ийн 126 дугаар зүйл) 163 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 3.8 хувь, хүчиндэх бүх хэргийн 49.1 хувийг тус эзэлж байна. Дээрх 163 хэрэгт 219 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 15 нэгжээр буюу 8.4%, хүн 7 нэгжээр буюу 3.1 хувиар, гэмт хэргийн улмаас 100 хүн гэмтсэн нь 22 нэгжээр буюу 18.0 хувиар тус тус буурсан;
Бусдын эд хөрөнгийг хулгайлах
(ЭХ-ийн 145 дугаар зүйл) 338 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 7.9 хувь, хулгайлах бүх хэргийн 5.3 хувийг тус эзэлж байна. Дээрх 338 хэрэгт 619 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 27 нэгжээр буюу 7.4 хувиар буурч, холбогдон шалгагдсан хүн 85 нэгжээр буюу 15.6 хувиар өссөн;
Бусдын эд хөрөнгийг булаах
(ЭХ-ийн 146 дугаар зүйл) 25 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 0.6%, булаах бүх хэргийн 15.0 хувийг тус эзэлж байна. Дээрх 25 хэрэгт 35 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 29 нэгжээр буюу 53.7 хувиар, хүн 40 нэгжээр буюу 53.3 хувиар тус тус буурсан;
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
(ЭХ-ийн 147 дугаар зүйл) 182 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 4.3%, дээрэмдэх бүх хэргийн 24.1 хувийг тус эзэлж байна. Дээрх 182 хэрэгт 219 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 19 нэгжээр буюу 11.6 хувь, хүн 48 нэгжээр буюу 20.1 хувиар тус тус өссөн;
Танхайрах
(ЭХ-ийн 181 дүгээр зүйл) 762 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 17.9%, танхайрах бүх хэргийн 53.2 хувийг тус эзэлж байна. Дээрх 762 хэрэгт 1001 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 99 нэгжээр буюу 11.5%, хүн 6 нэгжээр буюу 0.6%, гэмт хэргийн улмаас 708 гэмтсэн нь 79 нэгжээр буюу 10.0 хувиар тус тус буурсан;
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг
(ЭХ-ийн 215-225 дугаар зүйл) 232 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 5.5 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг бүх хэргийн 23.2 хувийг тус эзэлж байна. Дээрх 232 хэрэгт 263 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь  2008 оныхоос хэрэг 8 нэгжээр буюу 11.6%, хүн 29 нэгжээр буюу 12.4 хувиар, гэмт хэргийн улмаас 59 хүн нас барсан нь 19 нэгжээр буюу 24.4 хувиар тус тус буурч, 171 хүн гэмтсэн нь 16 нэгжээр буюу 10.3 хувиар өссөн статистик үзүүлэлттэй байна.

2009 онд согтуугаар үйлдэгдсэн 4255 гэмт хэрэгт 5221 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оныхоос 7.7 хувиар өсч, тэдний 4.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг насны байдлаар нь авч үзвэл 1.9 хувийг насанд хүрээгүй хүмүүс, 48.3 хувийг 18-30 насны, 17.7 хувийг 31-35 насны, 32.0 хувийг 36-аас дээш насны хүмүүс эзэлж байна. 

Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 23.2% нь бүлэглэн, 0.2% нь галт зэвсэг ашиглан үйлдэж, 10.9 хувийг урьд нь гэмт хэрэг үйлдэж, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, ял шийтгэгдсэн хүмүүс эзэлж байна.

 Согтуугаар үйлдэгдсэн зөрчил: Жижгээр танхайрах, нийгмийн хэв журам зөрчих явдал нь согтууралтай холбоотой гарч байна. 2010 оны эхний 5 сард согтуугаар үйлдэгдсэн 9892 зөрчил бүртгэгдсэн нь бүх зөрчлийн 7.3 хувийг эзэлж байгаа бөгөөд зөрчил үйлдсэн 3509 хүнд 41.4 сая төгрөгөөр торгох, 2747 хүнд баривчлах, 3633 жолоочид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл тус тус ногдуулжээ.

Согтуугаар үйлдэгдсэн тодорхой зарим төрлийн зөрчлийн хувьд:

Танхайрах (ЗХТА-ийн 21 дүгээр зүйл) 4146 зөрчил согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх зөрчлийн 41.9 хувь, танхайрах бүх зөрчлийн 87.4 хувийг тус тус эзэлж, дээрх зөрчилд холбогдсон 2927 хүнд 31.8 сая төгрөгөөр торгох, 1218 хүнд баривчлах;
Архидан согтуурч
удаа дараа эрүүлжүүлэгдсэн
(ЗХТХ-ийн 22 дугаар зүйл) 623 хүнд  баривчлах;
Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон
(ЗХТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1) 3920, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон (ЗХТХ-ийн 25.6 дугаар зүйл)  766 зөрчил бүртгэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх зөрчлийн 45.4 хувийг эзэлж, дээрх зөрчилд холбогдсон 3632 жолоочид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 781 хүнд баривчлах шийтгэл тус ногдуулжээ.

            Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, хэрэг, зөрчил гаргасны улмаас жилд дунджаар 130000-140000, хоногт 356-383 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

 Дүгнэлт

            Монгол улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая хүн амтай[5] тус улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт. Статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих түвшингээс хэт давж, улс орны үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрч, ард иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах нөхцөл хангагдах баталгаа алга байна.

Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэг, аж ахуйн нэгжүүдийн тоо олширсон, тэд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр гарсан хууль тогтоомжийг мөрдөж ажиллах явдал хангалтгүй байна. Хуульд заасан цагийн хязгаарлалт хэрэгжихгүй, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн асуудал тэр бүр шийдвэрлэгддэггүй, түүнчлэн тухайн зөрчилд оногдуулж байгаа мөнгөн торгууль нь эдийн засгийн нөлөөлөл болж чадахгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэстэй. 

Согтууруулах ундааг хэвийн хэмжээнээс хэтрүүлж хэрэглэх нь хүмүүсийн хоорондын харилцааг гол төлөв муутгахад хүргэдэг байна. Согтуурагчид нь нийгмийн ашиг сонирхлыг үл хайхран хууль тогтоомжийн заалт, ёс суртахууны хэм хэмжээг байнга зөрчдөг. Ер нь архидан согтуурах нь хүний мэдрэлийн системийн ажиллагаа, сэтгэхүйн процессын хэвийн байдлыг алдагдуулж, гадаад орчны нөлөөнд хэт цочромтгой хандаж, зэрлэг, бүдүүлэг аашлах, хүнлэг ёс, иргэний үүрэг, хууль, тогтоосон дэг журмыг үл хүндэтгэх байдалд хүргэдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл юм.

            Архидан согтуурсаны улмаас гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байгаа шалтгаан, нөхцөлийг хооронд нь уялдаа холбоо бүхий хоёр шатанд авч үзэж, ялгаж ойлгох нь зүйтэй.

·   Нэгдүгээрт, согтууруулах ундааны нийлүүлэлт зах зээлд хангалттай байгаа, хэн ч, хаанаас ч, хүссэн үедээ аваад уух боломж бараг бүрэн бүрдсэн, мөн архи ууж стресс, бухимдлаа тайлах, хийх ажилгүй сэлгүүцэх, наргих, цэнгэх, зугаацах зэрэг нь хүмүүсийн архидан согтуурлын шалтгаан, нөхцөл болж байна.

·   Хоёрдугаарт, архидан согтуурахын шалтгаан, нөхцөлөөр нөхцөлдсөн байгаль, нийгэм, эдийн засаг болон хувь хүний хүчин зүйлсийн нөлөөтэйгээр согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл гэмт явдлын шалтгаан, нөхцөлийн өмнө архидан согтуурлын шалтгаан, нөхцөл байна гэж үзэж байгаа юм.

Согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хувьд байгаль, нийгэм, эдийн засгийн сөрөг үзэгдэл, үйл явц, хүн амын төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийтлэг хүчин зүйлүүд суурь шалтгаан, нөхцөл болохын зэрэгцээ дараах шалтгаан, нөхцөлүүдийг тодруулж хэлэх нь зүйтэй.

- Согтууруулах ундааны хэрэглээний тухайд, бодит нөхцөл байдал нь хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд гэлтгүй хүмүүсийн архидан согтуурах явдал түгээмэл болсон, тэдний хэрэглээ, цар хүрээ нь ч жил ирэх тутам өсөн нэмэгдсээр байгаа төдийгүй аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдөр, амралт, зугаалгыг хэт хавтгайруулан тэмдэглэж байгаагаас шууд харагдана. Согтуугаар гэмт хэрэг үйлдэгсдийн 4.9% нь эмэгтэй, 1.9% нь хүүхэд байна.

- Согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, орчиндоо айдас түгшүүр төрүүлдэг, хэрэг, зөрчил гаргаж болзошгүй этгээдүүд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг байнга хүндрүүлж байна. Согтуурал нь нийгэмд харш зан үйл, заншил, гэмт зан төлөв илрэхэд дөхөм үзүүлдэг бол архаг согтуурал нь гэмт хэргийн шууд шалтгаан болж байгаа ба зан суртахууны хувьд доройтсон архаг архичин нь согтууруулах ундааг байнга хэрэглэхээ зорилго болгож, хүслээ хангахын тулд шунахайн сэдэлттэй гэмт хэрэг үйлдэхэд бэлэн болдог байна. Архагч архичид нь харгис хэрцгий аргаар, бүдүүлэг авирлан танхайн болон хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдэх хандлага ажиглагдаж байна.

- Согтуугаар үйлдэгдсэн гурван хэрэг тутмын нэг нь гэр, орон сууцанд үйлдэгджээ. Гэр бүл, ахуйн хүрээнд архидан согтуурч, эцэг, эхчүүд хүүхэд, багачуудад буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас 2009 онд явуулсан судалгаанд оролцсон нийт хүүхдийн 6,1% нь архийг согтотлоо, 54,5% нь амсах төдий хэрэглэж үзсэн гэсэн бол тэдний аав нарын 81,9%, ээж нарын 66,1% нь согтууруулах ундааг хэрэглэдэг гэсэн дүн гарсан нь гэр бүлийн  орчинд онцгойлон анхаарч ажиллах, урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү зохион байгуулах шаардлагатайг харуулж байна.

- Стресс, бухимдал нь хүмүүсийн тодорхой хэсгийг хамарсан, учрах хүндрэл бэрхшээлээс зүрхшээсэн, шантарсан байдал, санхүү, эдийн засгийн хүндрэл шууд болон шууд бусаар нөлөөлж, хүч хэрэглэсэн, эдийн засгийн холбогдолтой гэмт хэргүүдийн гаралтад нөлөөлж байна. Согтуурлыг төрүүлдэг үндсэн шалтгаан болох ажилгүйдэл, ядуурал, маргаашдаа үл итгэх байдал нь хувь хүний ухамсар, төлөвшил, ёс суртахуунтай шууд холбоотой.

- Судалгаанаас үзэхэд рецедив гэмт хэрэгтний дотор согтуурагчид болон архаг архичны тоо анх удаа гэмт хэрэг үйлдэгчдээс хавьгүй их байгаа нь согтуурал гэмт хэрэгтэй уялдаа холбоотойг нотолж байгаа юм. Архидан согтуурсаны улмаас гэмт хэрэг үйлдэгсдийн 10 орчим хувь нь урьд өмнө нь ял шийтгэгджээ. Хорих ял эдлээд суллагдсан, ялаас өршөөн хэлтрүүлсэн этгээдүүдийн төлөвшил, тэднийг нийгэмшүүлэх ажил учир дутагдалтай байна.

- Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 26.9% нь гудамж талбайд, 5.8% нь баар, кафе, ресторанд, 61.1% нь оройн 19 цагаас өглөөний 6 цагийн хооронд, согтуугаар үйлдэгдсэн зөрчлийн 62.7 хувь нь 19-24 цагийн хооронд үйлдэгджээ. Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд цаг хэтрүүлэн ажиллах, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх явдал хангалтгүй байгаагаас шөнө, оройн цагаар гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил гарах, гэмт хэргийн халдлагад өртөх тохиолдол их байгаа юм.

- Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь буюу 52.4%-ийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзэлж байна. Согтууруулах ундааг зүй зохистой, тохируулж хэрэглэх ёс зүй төлөвшөөгүй, хувь хүний ухамсар, зан үйл, согтуу хүмүүсийн хоорондын таарамжгүй харьцаа, маргаанаас үүдэн энэ төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна.

- Хүнийг санаатай алах гэмт хэргийн дийлэнх хувь нь гэр ахуйн хүрээнд, хутга мэсээр, эсвэл зодох байдлаар үйлдэгдсэн байх ба гэмт хэрэг үйлдэгсэд нь ихэнх тохиолдолд  хохирогчтой танил, тэр ч байтугай найз нөхдийн хүрээнд байх нь элбэг байна. Согтуурал нь нэг талаар гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа бодлыг бусдад төрүүлдэг, өөрөөр хэлбэл хүний үзэл бодол, оюун сэтгэхүйд байгаа нийгэмд сөрөг санаа бодол нь хэрэгжин биелэх нөхцөлийг бүрдүүлэг байна. Архидан согтуурсаны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилд хохирогчийн буруу, өөрөө согтуу байх тохиолдол олонтаа байдаг. 2009 онд гэмт хэргийн халдлагад өртөж хохирсон хүмүүсийн 11.7% нь өөрийн буруугаас, эдгээр хүмүүсийн 8.6% нь нас барсан, 48.8% нь биедээ хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авсан байна. Бусдыг санаатай алах, бие махбодид нь гэмтэл учруулах гэмт хэргийн улмаас хохирогч болсон иргэдийн тодорхой хэсэг нь согтуу байсан нь судалгаанаас харагдаж байна.

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 20 гаруй хувь нь согтуугаар, нийт согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 5 орчим хувь нь шууд архидан согтуурсаны улмаас үйлдэгджээ. Статистик мэдээнээс үзэхэд хоногт 30-40 согтуу жолоочийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авч байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол, хэрэг гаргахгүй, дүрэм, журмыг зөрчихгүй гэж хөнгөмсөгөөр найдаж, заримдаа өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол, хэрэг гаргаж байна.

- Согтуурагчдын нийгэм, хүн ам зүй, соёл, боловсролын шинж байдал нь хүч хэрэглэсэн гэмт хэрэг, ялангуяа бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгчдийн шинж байдалтай ихээхэн ойр холбоотой юм. Согтуугаар гэмт хэрэг, зөрчил үйлдэгчдийн ихэнх нь боловсролын түвшин бүрэн дундаас доогуур боловсролтой, мэргэжлийн бус хөдөлмөр эрхэлдэг, эсвэл тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

Согтууралтай хийх тэмцэл нь ганцхан дайралтаар, нэг цохилт арга хэмжээгээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд аливаа гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхэд цаг хугацаа, хүн хүч, хөдөлмөр, зардал шаардсан төр, олон нийт, ард иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцсэн чухал ач холбогдолтой ажил байдаг.


[1] Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3.1 дэх хэсэг

[2] Нийгмийн хэв журам хамгаалах газрын гаргасан 2009 оны мэдээгээр

[3] Үндэсний статистикийн хорооноос гаргасан согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспортын мэдээллийг ашигласан болно.

[4] Нийгмийн хэв журам хамгаалах газрын гаргасан 2009 оны мэдээгээр

[5] Үндэсний статистикийн хорооноос гаргасан урьдчилсан мэдээгээр 2009 оны нийт хүн ам 2 694 955, 16 ба түүнээс дээш насны хүн ам 1 897 299, 18 ба түүнээс дээш насны хүн ам 1 788 148


Comments

2010-09-08 - hariu

Бичсэн: Зочин

bayarlalaa

. Шууд холбоос


2010-09-07 - сйахан судалгаа байна

Бичсэн: Домбо хөгшин

сайхан судалгаа байна
манай залуучууд уншаасайдаа

. Шууд холбоос


Жаргалан жаргалан, энэ ертөнцийн түмэн жаргалан, түүний дотор эрүүл энхийн жаргалаан гэж

Сүүлийн бичлэгүүд

. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал
. Хүн худалдаал гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх зарим асуудал
. Архидан согтуурал ба эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал
. Согтуурал ба гэмт хэрэг
. Зөвлөмж
. Өөдрөг явахыг хүссэн 25 санамж
. Миний блог
. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ болон гэмт хэрэг, зөрчлийн байдалд 2009 онд хийсэн дүн шинжилгээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо
. mongolxvv
. tungaamaa
. uka
. arius
. Чойрын Хүү

Бичлэг: 4 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax