Munkhuuluu
2011-10-11
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал

Ангилал: Криминологи судалгаа, шинжилгээ


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт онол, практикийн бага хурал 2011 оны 6-р сарын 23-нд Хангарьд ордонд зохион байгуулсан. Энэ бага хуралд тавьсан илтгэлээс...
          Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх төр засгийн болон нийгмийн хандлагыг өөрчлөх, түүнтэй тэмцэхэд эрх зүйн болон үйл ажиллагааны хувьд шинэчлэх хийх шаардлагатай байгаа юм. Монгол Улс, ялангуяа нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хандлага, түүнд үнэлэлт дүгнэлт өгч, санал дэвшүүлэх байдлаар энэхүү илтгэлийг бэлтгэлээ.

Монгол Улсад 2001-2010 он буюу сүүлийн арван жилийн хугацаанд 202898, жилд дунджаар 20 орчим мянган гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн гаралт жилд дунджаар 427 хэргээр буурсан байна. Сүүлийн 10 жилд гэмт хэргийн улмаас 17088 хүн нас барж, 70675 хүн гэмтэж, 350.0 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 69.5 тэрбум төгрөг буюу 19.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлжээ.
           Улсын хэмжээний гэмт хэргийн нөхцөл байдлыг товчоор, тоон хэлээр дүгнэвэл нэг гэмт хэрэгт 1.7 сая төгрөгийн хохирол ногдож, 11 гэмт хэрэг тутамд нэг хүн нас барж, 3 гэмт хэрэг тутамд нэг хүн гэмтжээ. Өөрөөр хэлбэл хоногт 56 гэмт хэрэг бүртгэгдэж, 5 хүн нас барж, 20 хүн гэмтсэн байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэргийн эзлэх хувийн жин сүүлийн 10 жилийн дундажаар 49.6 хувьтай байсан ба 2010 онд 54.8 хувь байна. Энэ үзүүлэлт цаашид өсөх хандлагатай байна. 2010 оны хүн амын тооллогын дүнгээр нийслэлд хүн амын 63 хувь нь оршин сууж байна гэсэн дүн мэдээ гарсан. Монгол Улсын хувьд “Улаанбаатар хот гэмт хэргийн үнэмлэхүй төв” болж байна гэж үзэж байна.  

Улсын хэмжээнд болон нийслэлд үйлдэгдсэн хулгайлах гэмт хэргийн түвшин буурах хандлага байна. Сүүлийн 10 жилийн дунджаас үзэхэд гэмт хэргийн бууралт улсын хэмжээнд 657, нийслэлд 167 хэргээр тус тус буурчээ. Гэмт хэргийн гаралт 2001-2006 онд буурах, 2007 онд өсч, түүнээс хойш буурчээ.

Нийслэл хотод сүүлийн жилд 100672 гэмт хэрэг бүртгэгдсэний 34.1 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Нийгэмд учруулж буй хор хохирлоороо хамгийн эхэнд орж буй гэмт хэрэг юм.

Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 8547 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 221 хэргээр буюу 2.7 хувиар, нийслэлд 4773 бүртгэгдсэн нь 134 хэргээр буюу 2.9 хувиар тус тус өсчээ.  

Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 2353 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хэргээр буюу 0.5 хувиар, нийслэлд 1139 бүртгэгдсэн нь 104 хэргээр буюу 8.4 хувиар тус тус буурчээ. Хулгайлах гэмт хэрэг буурсан шалтгааныг оны эхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140400 болгож нэмэгдүүлсэн, мөн цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга зохион байгуулсан, урьдчилан сэргийлж ажилласаны үр дүнтэй холбон үзэх үндэстэй юм. Дээрхи хугацаанд цагдаагийн байгууллага бусдын эд хөрөнгийг хулгайлахтай холбоотой гомдол, мэдээлэл улсын хэмжээнд 7929, нийслэлд 4398-ийг хүлээн авсанаас улсын хэмжээний 30, нийслэлийн хэмжээний 25 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн их гэмт хэрэг гардаг байсан бол энэ оны эхний 5 сарын байдлаар Баянгол дүүрэгт хамгийн их гэмт хэрэг гарчээ. Баянгол дүүрэгт гэмт хэрэг өссөн нь бусдын биемахбодид гэмтэл учруулах, танхайрах гэмт хэрэг өссөн, үүнд орон сууц, үзвэр, үйлчилгээний газар, хүн амын хөл хөдөлгөөний идэвхижилтэй холбоотой. Хулгайлах гэмт хэрэг Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэгт хамгийн ихээр үйлдэгдсэн байна. Багахангай дүүрэгт нийт 2 гэмт хэрэг бүртгэгдсэн, хулгайлах гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 32.9 хувь нь хөнгөн, 48.3 хувь нь хүндэвтэр, 0.4 хувь нь хүнд, 0.9 хувь нь онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна. Хулгайлах гэмт хэргийн 80 гаруй хувь нь хөнгөн, хүндэвтэр ангиллын гэмт хэрэг байгаа. Цагдаагийн байгууллагаас хөнгөн, хүнд ангиллын гэмт хэрэг гэж ялгалгүй, иргэд их, бага хэмжээгээр хохирсонд бус, иргэний хохирсон асуудалд ижил тэгш байдлаар хандах, хүн хүчээ оновчтой чиглүүлж ажиллах  бодлого барин ажиллаж байна.

          Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 50.6 хувь нь гэр, орон сууц, ахуйн хүрээнд, 14.2 хувь нь гудамж талбайд, 8.5 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад үйлдэгдсэний зэрэгцээ 48.0 хувь нь 22-06 цагт буюу шөнө оройн цагаар, 24.4 хувь нь 14-19 цаг буюу ажлын цагаар, ихэнхи нь ажлын өдрүүдэд үйлдэгджээ. Хулгайлах гэмт хэргийн 16 орчим хувийг бүлэглэн гүйцэтгэсэн байгаагаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх арга, хэлбэр нь улам нарийсч, шинэлэг хэлбэрээр тэмцлээ явуулах шаардлага байгааг харуулж байна. 

Цагдаагийн байгууллага 2007 оноос гэмт хэмт хэргийн илрүүлэлт тооцох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэх, алба хаагчдын ажлыг бодитой тооцох үүднээс өөрчилсөн.

Өөрөөр хэлбэр эзэн холбогдогч нь тодорхойгүй гэмт хэргийн яллагдагчаар татвал зохих этгээдийг олж тогтоосон тохиолдолд л хэрэг илрүүлсэнд тооцдог болсон юм.

Энэ оны эхний 5 сарын байдлаар бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 1752 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэний 846 хэргийн яллагдагчаар татагдвал зохих этгээдийг олж тогтоосон ба гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 48.3 хувьтай байна.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 908 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэний 444 хэргийн яллагдагчаар татвал зохих этгээдийг олж тогтоосон ба гэмт хэргийн илрүүлэлт нийслэлийн хэмжээнд 48.9 хувьтай байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 11.7 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирсаны 64.1 буюу 7.5 тэрбум төгрөгийн хохирол нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас үүджээ.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн улмаас үүдсэн 7.5 тэрбум төгрөгийн хохирлын 3.0 тэрбум төгрөг буюу 40 хувийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 3.9 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирсаны 1.5 тэрбум төгрөг буюу 39.4 хувийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Харин нийслэлийн хэмжээнд хулгайлах гэмт хэргийн улмаас 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 965.9 сая төгрөг буюу 45.5 хувийг нөхөн төлүүлжээ.  

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэгчдийн 72 хувь нь 18-30 насны, 81.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 10 хувь нь эмэгтэй, 15 хувь нь хүүхэд, 15 хувь нь урьд ял шийтгэгдсэн хүмүүс байна. Иймд хөдөлмөрийн үр бүтээмж гаргах насны, тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс ихэвчлэн гэмт хэрэг үйлдэж байгаад дүгнэлт хийж, хариу арга хэмжээг бодлого болгон хэрэгжүүлэх шаардлага байна.

Орон байрны хулгайн гэмт хэрэг 2008-2010 он, 2011 оны эхний 5 сарын байдлаар 4634 бүртгэгдэжээ. Үүний 67 хувь нь нийслэлийн хэмжээнд үйлдэгджээ.

          Иймд иргэдийн сонор сэрэмж, өөрсдийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэд, олон нийтэд телевиз, интернэт, сонин, fm радиогоор өргөн хүрээнд сурталчилж, урьдчилан сэргийлж сэрэмжлүүлэх, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд цагдаагийн эргүүл хяналтыг чиглүүлж ажиллах шаардлагатай байна. Гэр орондоо байнга архидан согтуурдаг, орчиндоо түгшүүр төрүүлдэг эрсдэл бүхий этгүүдүүдийг ажилд оруулах, албадан ажил хийлгүүлэх, ер нь ахуйн хүрээнд архидан согтуурах явдалтай эрчимтэй тэмцэх нь зүйтэй.

Аж ахуйн нэгж, байгууллагад үйлдэгдсэн хулгайн гэмт хэрэг 2008-2010 он, 2011 оны эхний 5 сарын байдлаар 4634 бүртгэгдэжээ. Аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадна, дотногүй камержуулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулах,  Ялангуяа ломбард, үнэт эдлэл, бэлэн мөнгө ихээр хадгалдаг, төвлөрсөн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд  гэмт хэргийн халдлагаас хамгаалагдсан байх стандарт тогтоож мөрдүүлэх,  эздийн сонор сэрэмж, харуул хамгаалалтыг дээшлүүлэх шаардлагатай байна.

Авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 2008-2010 он, энэ оны эхний 5 сарын байдлаар 376 бүртгэгдсэн.  

          Тээврийн хэрэгсэл төдийгүй түүний эд анги, сэлбэг хэрэгсэл, толь, дугуй, акумлятор, бүтээлэг зэрэг эд зүйл алдагдах гэмт хэрэг багагүй гарч байгаад дүгнэлт хийж, тээврийн хэрэгсэлийг /ялангуяа орон нутагт мотоцикл/ бүрэн бүртгүүлжүүлэх, дугааржуулах, зориулалтын харуул хамгаалалттай зогсоол, грашид машинаа тавьдаг байх, жолооч нар машиндаа дохиолол суулгах, (учрах хохирол, эрсдлээс урьдчилан сэргийлж даатгалд хамруулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулах), тээврийн хэрэгслийн шинэ болон хуучин сэлбэгийг худалддаг цэгүүд, дамжуулан борлуулдаг ченжүүдийн сүлжээг хяналтад авах (автомашины аккумлятор, толь, дугуй, радио техник хэрэгсэл болон бусад эд ангиуд), автомашины зориулалтын болон задгай граж, нэгдсэн зогсоолуудын байршлыг дохиолол, телекамерын хяналтанд бүрэн оруулах шаардлага байна.  

Халаасны хулгайн гэмт хэрэг сүүлийн 3 жил, энэ оны эхний 5 сарын байдлаар 342 бүртгэгдсэн байна.

               Халаасны хулгайн гэмт хэрэг ихэнхи нийслэлийн хэмжээнд үйлдэгддэг учраас онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Иргэдийн бухимдсан, хохирсон асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхийн тулд энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг бүртгэлд бүрэн авах, хяналтад байлгах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн тохиолдолд оногдуулах хариуцлагыг чангатгах, Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх, автобус, микро зэрэг нийтийн тэээврийн хэрэгслийн зорчигч орох, буух хэсэгт бичил камер байршуулах, нийтийн зах, худалдааны төв, дэлгүүрийн камерын хяналтыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллага, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлага байна.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төв “Мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл” сэдвээр криминологи судалгаа 2011 оны 4 дүгээр сард хийсэн юм. Уг судалгааны дүнгээс үзэхэд улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг тоон үзүүлэлтийн хувьд буурах хандлагатай явж ирсэн ч цаашид өсөх хандлага байна. Малын хулгайн 5-6 орчим хувь нь нийслэлд үйлдэгддэг байна. Нийслэлийн хэмжээнд малын хулгайтай тэмцэх асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм.

Тухайлбал, Нийслэл хот руу орох шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд бус байнгын хяналт шалгалтыг жигд явуулах, камержуулах, мал, мах, тэдгээрийн түүхий эдийн төвлөрлөсөн зах, худалдааны төв, үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, махны гарал үүслийн гэрчилгээнд тавих хяналтыг чангатгах, Налайх дүүргийн “Цайз”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт” захад мал хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн тасаг, хэсэг байгуулах ажлыг судлан шийдвэрлэх (УИХ-ийн Хууль зүйн байнгын хорооны 2010 оны 16 дугаар тогтоолийн 12 дахь заалт) шаардлагатай байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд дээрхи асуудлыг авч үзэхийн зэрэгцээ дараах асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.

1. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хандлага, арга барилаа өөрчлөх. Хулгайн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн хамгийн их хувийг эзэлдэг, их хэмжээний хохирол учруулдаг, үйлдлийн арга хэлбэр улам нарийн болсон, төр засаг, нийгэм, иргэд жирийн сөрөг үзэгдэл мэтээр үзэж, энэ дасал болчихсон хандлагыг өөрчилж, үүнтэй тэмцэх үйл ажиллагааг шинэлэг байдлаар явуулах, тэмцэх хүн хүчээ бэхжүүлэх, орчин үеийн шинэлэг техник технологийг ашиглах нь зүйтэй. Шинэ төрлийн гэгдэх гэмт хэргүүдээс илүү ихээр иргэдэд хор уршиг учруулж байна.

2. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрх зүйн болон үйл ажиллагааны хувьд цогц байдлаар тэмцэх шаардлагатай байна.

Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчноо сайжруулах чиглэлээр:  

·         Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорих ял шийтгэхээс илүү эдийн засгийн хөшүүрэг хэрэглэж тэмцэх, учруулсан хохирлын хэмжээнээс хамааран түүнээс хэд дахин хэмжээний төгрөгөөр торгодог, төлбөрийн чадваргүй бол албадан ажил хийлгэдэг байх,

·         Хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааруулан тооцоолох бус, бодит хохирлын тодорхой тоон дүнгээр хулгайлах гэмт хэрэг мөн эсэхийг авч үздэг болох, /эд зүйлийн үнэлгээг оновчтой тогтоох/,

·         Хөнгөн, хүндэвтэр ангиллын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сунгах,

·         Хулгайн гэмт хэргийн талаарх үнэн зөв, бодит мэдээлэл өгсөн шударга иргэний аюулгүй байдал, мэдээллийг нууцлалыг хангах асуудлыг анхаарч, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,

3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар улсын орлого болгосон, торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгөний 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх тухай заалт бүр хэрэгжихгүй байна. Иймд хуулийн заалтыг нийслэлийн хэмжээнд жинхэнэ утгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэдээс төлбөртэйгээр мэдээлэл авах, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хүн хүчийг бэхжүүлэх, чадавхижуулах, мэргэшүүлэх, орчин үеийн техник хэрэгсэл худалдах авах үйл ажиллагаанд зарцуулах шаардлагатай гэж үзэж байна.

4. Нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс харъяа цагдаагийн газар, хэлтсийн судалгааны багийн үйл ажиллагааг дэмжиж, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын судалгаанд үндэслэсэн урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү зохион байгуулах, хөрөнгө, санхүүгийн туслалцаа үзүүлж хамтран ажиллах нь илүү үр дүнтэй байх болно.

5. Хулгайн гомдол, мэдээллийг шалгах явцад хохирлын хэмжээ хүрэхгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгосон тохиолдолд гэм буруутай бол заавал Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулдаг байх, /2011 оны эхний 5 сарын байдлаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйл заасан “Бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах” зөрчил 344 бүртгэгдсэн байна /

6. Хулгайн гэмт хэрэг голлон үйлдэж буй 18-30 насны, ажилгүй залуучуудыг нийгмийн хариуцлагаа ухамсарласан аж ахуйн нэгж, байгууллага, компанид ажилд зуучлуулан оруулах, тэднийг дэмжих, урамшууллын механизм хэрэглэх, мөн урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд дахин үйлдэж байгаад дүгнэлт хийж нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаалчан зохион байгуулж, аливаа хэлбэрээр тэдэнд дэмжлэг үзүүлэх, нийгэмшүүлэх,

7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарыг татан оролцуулах, тэднийг улирал тутам гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад хамруулдаг байх,

8. Олон нийтийн байцаагчаар ажиллах хүмүүсийг цагдаагийн байгууллагаар судлуулж ажилд авах, тэднийг чадавхижуулах, тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, хэсгийн байцаагчид бодитой дэмжлэг болохуйц байдлаар ажиллуулах,

9. Хулгайн гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр оршин суугчдын дунд “Иргэдийн үүсгэл санаачлага”-ыг дэмжсэн нөхөрлөл, холбоо, эргүүл зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах асуудлыг бодитой шийдвэрлэх,

Эцэст нь хэлэхэд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, үүний дотор урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах, ял шийтгэлийн бодлогыг өргөн хүрээнд хөндөж, эрх зүйн орчинг сайжруулах, орчин үеийн шинэлэг арга, хэлбэрээр эрчимтэй тэмцэх цаг үеийн шаардлага байна.


Comments

Жаргалан жаргалан, энэ ертөнцийн түмэн жаргалан, түүний дотор эрүүл энхийн жаргалаан гэж

Сүүлийн бичлэгүүд

. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал
. Хүн худалдаал гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх зарим асуудал
. Архидан согтуурал ба эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал
. Согтуурал ба гэмт хэрэг
. Зөвлөмж
. Өөдрөг явахыг хүссэн 25 санамж
. Миний блог
. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ болон гэмт хэрэг, зөрчлийн байдалд 2009 онд хийсэн дүн шинжилгээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо
. mongolxvv
. tungaamaa
. uka
. arius
. Чойрын Хүү

Бичлэг: 1 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax