Munkhuuluu
2011-05-10
Архидан согтуурал ба эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал

Ангилал: Криминологи судалгаа, шинжилгээ

2010.12.02                                                      

Монгол улсын хөгжил дэвшил, хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийн нэг нь архидан согтуурах явдал юм.

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, хэрэглээ: Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, хоёр хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна[1] гэж хуульд заасан байдаг.

Өнөөдөр манай улсад спиртийн 16, архины 93, шар айрагны 21, дарсны 14 үйлдвэр албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж, согтууруулах ундаа үйлдвэрлэж байна.[2]

Үндэсний статистикийн хорооноос гаргасан статистикийн мэдээллээс үзэхэд 2005-2009 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд нийтдээ 173.4 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн нь[3] жилд дунджаар 8.6 сая литрээр өссөн төдийгүй 2010 онд 62.0 сая литр үйлдвэрлэгдэх прогноз гарч байна.

Үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4 хувийг спирт, 32.0 хувийг архи, 5.0 хувийг дарс, 49.6 хувийг пиво тус тус эзэлж байна.

Дотоодын үйлдвэрлэлийн зэрэгцээ гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундааг импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ. Согтууруулах ундааны импортын хэмжээ 2008 он хүртэл өсч, харин 2009 онд буурчээ. Сүүлийн 5 жилд нийтдээ 449.6 мянган литр согтууруулах ундааг гадаадад экспортолсон нь дотоодын үйлдвэрлэлийн дөнгөж 0.3 хувийг эзэлж байна.

          Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжийн хувьд улсын хэмжээнд ресторан, зоогийн газар 569, диско, караоке баар 904, кафе 453, хүнсний дэлгүүр 5804, бөөний төв 214 үйл ажиллагаа явуулж байгаа[4] нь Үйлдвэр, худалдааны сайдын 2008 оны 5 тоот тушаалаар баталсан “2000 хүн ам тутамд согтууруулах ундаагаар үйлчилдэг нэг аж ахуйн нэгж, байгууллага байхаар тогтоосон” заалтын хэрэгжилт хангалтгүй, норматив хэмжээнээс хэд дахин их байгааг харуулж байна. Энэ үзүүлэлт нийслэлд 11.3 дахин их байна.

Урьд онуудад үйлдвэрлэсэн, одоо худалдаанд гаргахад бэлэн байгаа болон шимийн архи, айраг, үйлдвэрлэлийн бус аргаар бэлтгэсэн архины хэмжээг тооцохгүйгээр зөвхөн 2009 онд үйлдвэрлэсэн, импортолсон согтууруулах ундаанаас экспортынх нь хэмжээг хасч тооцоход 18 ба түүнээс дээш насны “нэг хүнд 36.4 литр”  согтууруулах ундаа /үүнийг тодруулбал: спирт 2.0, архи 9.7, пиво 24.1, дарс 0.7/ ногдож буй үзүүлэлт гарч байна.

Архидан согтуурлаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал: Архидан согтуурал нь хүн төрөлхтөний түүхэн дэх гэмт явдал, хүчирхийллийн өдөөгч хүчин зүйлсийн нэг байсаар ирсэн, хор хохирол ихээр дагуулдаг, нийгмийн сөрөг үзэгдэл. Түүний илрэн гарах хамгийн хүнд хэлбэр нь гэмт хэрэг, зөрчил гэж ойлгож болно.

          Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн түвшин 2005-2007 он хүртэлх хугацаанд 38.9 хувиар өсч, харин 2008 оноос 10.5 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй байгаа ч эрчимтэй буурахгүй, харин бүртгэгдсэн нийт гэмт хэрэгт эзлэх хувийн жин нь өсөх хандлага ажиглагдаж байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 20 орчим хувь нь архидан согтуурсаны улмаас үйлдэгдэж байгаа ба зарим төрлийн гэмт хэргийн хувьд харьцангуй өндөр хувьтай байгаа юм. Сүүлийн 5 жилийн статистикийн мэдээллээс үзэхэд хүнийг санаатай алах хэргийн 64.9, танхайрах хэргийн 55.8, хүчиндэх хэргийн 51.5, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргийн 39.7, дээрэмдэх хэргийн 22.5, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэргийн 17.1, булаах хэргийн 15.3, хулгайлах хэргийн 6.3 хувь нь архидан согтуурсаны улмаас үйлдэгдэж, амиа хорлосон, золгүй байдлаар хүн нас барсан  тохиолдлын 22.6 хувь нь архидан согтуурсанаас үүдсэн байна.

2009 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 20373 гэмт хэргийн 20.9 хувь нь согтуугаар үйлдэгдэж, гэмт хэрэгт холбогдсон 19612 хүний 26.6 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдэж, тэдгээрийн 4.9 хувийг эмэгтэйчүүд, 48.3 хувийг 18-30 насны, 17.7 хувийг 31-35 насны, 32.0 хувийг 36-аас дээш насны хүмүүс тус тус эзэлж байна.

Согтуугаар гэмт хэрэг үйлдэгсдийн 23.2% нь бүлэглэж, 0.2% нь галт зэвсэг ашиглан үйлдэж, 10.9 хувийг урьд ял шийтгэгдсэн хүмүүс эзэлж байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн халдлагад 5030 иргэн өртсөнөөс 246 хүн нас барж, 3318 хүн гэмтэж, 915.3 сая төгрөгийн хохирол учирчээ.

Энэ оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 3492 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 65 хэргээр буюу 1.9 хувиар өсч, нийт гэмт хэрэгт эзлэх хувийн жин 24.1 хувь болж, 1.9 пунктээр өссөн байна.

Хүн ам төвлөрсөн суурин газруудад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг бусад газраас харьцангуй их гарчээ. Тухайлбал, нийслэл хотод 1517, /Баянзүрхэд 380, Чингэлтэйд 256, Сүхбаатарт 232, Сонгинохайрханд 225, Баянголд 138, Налайх 115/, аймгуудаас Сэлэнгэд 233, Дорноговьд 166, Дархан-Уулд 158, Өвөрхангайд 128, Дорнодод 125, Орхонд 119, Хэнтийд 113, Хөвсгөлд 107, Архангайд 99 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн байна.

Мөн хугацаанд согтуугаар үйлдэгдсэн 25116 зөрчил бүртгэгдсэн нь бүх зөрчлийн 7.1 хувийг эзэлж байгаа бөгөөд зөрчил үйлдсэн 7361 хүнд 88.4 сая төгрөгөөр торгох, 6315 хүнд баривчлах, 11441 жолоочид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл тус тус ногдуулжээ.

Согтуугаар үйлдэгдсэн зөрчлийн 55.2 хувийг согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 34.2 хувийг танхайрсан, 5.1 хувийг архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, 3.8 хувийг цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, заналхийлсэн зөрчил эзэлж байна.

Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд 683 мянга, жилд дунджаар 130-140 мянга, хоногт 356-383 хүн эрүүлжүүлэгдэж байна.

Нийслэлийн хэмжээнд архаг архичин 908, үүний дотор орон гэргүй 123, архинд донтох өвчтэй 631, үүний дотор орон гэргүй 37, удаа дараа эрүүлжүүлэгдсэн 115 хүн бүртгэлтэйгээс 284 хүнийг албадан, 349 хүнийг сайн дурын эмчилгээнд тус тус хамруулсан байна.

Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан ажлын биелэлтийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд хүргүүлэн явц, үр дүнг улирал тутам тооцож, үнэлж дүгнэж байна. 

Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих хоёрдугаар шатны дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад хүргүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах бодлогын зөвлөл”-ийг байгуулан, “Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр хийж буй ажил, цаашид авах арга хэмжээ”-ний талаарх мэдээллийг хэлэлцүүлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээний чиглэлээ тодорхойллоо.

          “Согтуурах, мансуурах өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай”, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна.

          Цагдаагийн байгууллагаас 2010 оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих чиглэлээр давхардсан тоогоор 28933 аж ахуйн нэгж байгууллагад үзлэг шалгалт явуулж, спиртийн 18, архины 125, шар айрагны 70, дарсны 5, ресторан, зоогийн газар 3745, караоке 1710, диско баар 3696, кафе 2007, хүнсний дэлгүүр 17179, бөөний төв 762-ыг хамруулж, 7717 зөрчил илрүүлэн, 3190 иргэн, 127 албан тушаалтан, 374 байгууллага, аж ахуйн нэгжийг 101.3 сая төгрөгөөр торгон, зөрчлийг арилгуулахаар 11807 мэдэгдэл өгч, 8135 зөрчлийг засуулан хариу авч, 766 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах санал хүргүүлжээ.

          “Зар сурталчилгааны тухай хууль”-ийг зөрчин согтууруулах ундааны зар сурталчилгаа явуулж байсан хэвлэл мэдээллийн 4, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний 35 байгууллага, аж ахуйн нэгжийг 2.0 сая төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авчээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, хөтөлбөрийг сурталчлах, хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд зохиосон ажлыг төв, орон нутгийн телевизээр 140, радиогоор 106, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 80 удаа сурталчилж, 11831 зурагт хуудас, 11397 санамж, 16984 сэрэмжлүүлэг, 460 гарын авлага тарааж, сургалт, уулзалт өдөрлөг, уралдаан тэмцээн, ухуулга яриа 660 удаа зохион байгуулж, 38561 хүнийг хамрууллаа.

Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхэд цагийн хязгаарлалт тогтоох, цагийн хуваарийг өөрчлөх, 7 хоног, сар тутмын тогтсон нэг өдрийг архигүй өдөр болгох, нэг жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгохыг зогсоох, архины хор хөнөөлийг олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, архидалтын эсрэг аян зохион байгуулах зэргээр тогтоол, захирамж, албан даалгавар гаргаж байгаа боловч дээрх шийдвэрүүд нь тухайн нутаг дэвсгэрт тодорхой хугацаанд дутуу хагас хэрэгжиж, хууль хэрэгжүүлэх үндсэн хөшүүрэг болж чадахгүй байна.

      Дүгнэлт 

          Монгол улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая хүн амтай[5] манай улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт. Статистикийн мэдээллээс үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих түвшингээс хэт давж, улс орны хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Архины хэрэглээнд төрийн цогц хяналт үгүйлэгдэж байна. Цагдаагийн байгууллага дангаараа тэмцээд, хяналтыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхэд багагүй бэрхшээлтэй тулгарч байна.

Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэг, аж ахуйн нэгжүүдийн тоо хэт олширсон, тэдгээр нь архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр гарсан хууль тогтоомжийг мөрдөж ажиллах явдал хангалтгүй төдийгүй хяналт тавих эрх бүхий байгууллагууд хүрч ажиллах хүч бололцоо хүрэлцэхгүй байна. Архины орлого улсын төсвийг бүрдүүлэхэд ач тустай байж болно, гэтэл согтууруулах ундааны үйлдэрлэл, худалдаа нэмэгдэхийн хирээр хүмүүст үзүүлэх хор нөлөө нь улам бүр ихсэж байна.

Хуульд заасан цагийн хязгаарлалт хэрэгжихгүй, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн асуудал тэр бүр шийдвэрлэгддэггүй, түүнчлэн тухайн зөрчилд оногдуулж байгаа мөнгөн торгууль нь эдийн засгийн нөлөөлөл болж чадахгүй байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн зохицуулалт нэн түрүүнд хэрэгтэй байгааг харуулж байна.

Нийслэл болон бусад аймаг, дүүргийн бөөний худалдааны төвүүд болон согтууруулах ундаа нийлүүлж буй аж ахуйн нэгжүүд нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан бүтээгдэхүүний шинжилгээний дүгнэлтийг хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж, хөдөө орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа нь хуулбар хувь буюу хүчингүй бичгээр халхавчлан хуурамч бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

          Согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хувьд нийгэм, эдийн засгийн сөрөг үзэгдэл, хүн амын төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийтлэг хүчин зүйлүүд суурь шалтгаан, нөхцөл болохын зэрэгцээ архидан согтуурах нь эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг байнга хүндрүүлж байна.

Судалгаанаас үзэхэд рецедив гэмт хэрэгтний дотор согтуурагчид болон архаг архичны тоо анх удаа гэмт хэрэг үйлдэгчдээс хавьгүй өндөр байгаа нь согтуурлын үр дагавар гэмт хэрэг, зөрчил үйлдэх шалтгааны нэг болж байгааг харуулж байна. Архидан согтуурсаны улмаас гэмт хэрэг үйлдэгсдийн 10 орчим хувь нь урьд өмнө нь ял шийтгэгджээ. Хорих ял эдлээд суллагдсан, ялаас өршөөн хэлтрүүлсэн этгээдүүдийн төлөвшил, тэднийг нийгэмшүүлэх ажил туйлын учир дутагдалтай байна.

Согтуугаар үйлдэгдсэн гурван хэрэг тутмын 1 нь гэр, орон сууцанд үйлдэгджээ. Гэр бүл, ахуйн хүрээнд архидан согтуурч, эцэг, эхчүүд нь хүүхэд багачуудад буруу үлгэр, дуурайлал үзүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас 2009 онд явуулсан судалгаанд оролцсон нийт хүүхдийн 6,1% нь архийг согтотлоо, 54,5% нь амсах төдий хэрэглэж үзсэн гэсэн бол тэдний эцгүүдийн 81.9%, эхүүдийн 66,1% нь согтууруулах ундааг хэрэглэдэг гэсэн дүн гарсан нь гэр бүлийн  орчинд онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэх ажлыг тэнд түлхүү зохион байгуулах шаардлагатайг харуулж байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 26.9% нь гудамж талбайд, 5.8% нь баар, кафе, ресторанд, 61.1% нь оройн 19 цагаас өглөөний 6 цагийн хооронд, согтуугаар үйлдэгдсэн зөрчлийн 62.7 хувь нь 19-24 цагийн хооронд үйлдэгджээ. Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд цаг хэтрүүлэн ажиллах, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх явдал хангалтгүй байгаагаас шөнө, оройн цагаар гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил гарах, гэмт хэргийн халдлагад өртөх тохиолдол их байгаа юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 20 гаруй хувь нь согтуугаар үйлдэгдэж, хоногт 30-40 согтуу жолоочийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авч байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол, хэрэг гаргахгүй, дүрэм, журмыг зөрчихгүй гэж хөнгөмсөгөөр найдаж, заримдаа өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол, хэрэг гаргаж байна.

Согтуугаар гэмт хэрэг, зөрчил үйлдэгчдийн ихэнх нь боловсролын түвшин бүрэн дундаас доогуур боловсролтой, мэргэжлийн бус хөдөлмөр эрхэлдэг, эсвэл тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

Санал 

Архидан согтууралтай хийх тэмцлийн арга, хэлбэр, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд шийдвэрлүүлбэл зохих дараах санал байна.

1. Архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага үр нөлөөтэй байх боломжийг бүрдүүлэх. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж, нутаг дэвсгэрийн хэмжээнд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан тогтоол, захирамжийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага ор нэрийн төдий, торгуулийн хэмжээ бага байдаг тул аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн болон ашиг сонирхлын нөлөөлөл болохгүй байгаа тул холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Тухайлбал: Архидан согтуурахтай холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн бол иргэнийг 35000-50000 төгрөгөөр торгоно гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгоно гэснийг мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх зэрэг. Захиргааны арга хэмжээ авагдсаны дараа дахин давтан зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалдаг байх зэргээр эрх ашгийг нь хөндөхүйц хэмжээнд хариуцлагыг чангаруулмаар байна.  

2. Архидалттай хийх тэмцлийг цогц байдлаар зохион байгуулах. Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нэгдсэн зохион байгуулалтгүй, хэрэгжилт нь үр дүн муутай байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар эрх олгож, үүрэг хүлээлгэсэн төрийн байгууллагуудын идэвхи оролцоо тааруу байна. Согтууруулах ундаа худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнуудын ажил үүргийг тодорхой болгож, хуулийг хэрэгжүүлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх. Тухайлбал: Согтууруулах ундаа худалдаалах цагийн хязгаарлалтын байдалд хяналт тавих нь цагдаагийн байгууллагын гүйцэтгэх шууд үүрэг биш тул түүнийг хяналтын бусад эрх бүхий байгууллагад шилжүүлэх.

3. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын зохистой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх. Манай улсын насанд хүрсэн нэг хүнд 36 литр согтууруулах ундаа ногдож, тэр хэмжээгээр хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж байгаа учраас үйлдвэрлэлийн болон хэрэглээний зохистой харьцаа, чанар стандартын өндөр шаардлага бий болгох, экспортыг нэмэгдүүлж, импортыг тодорхой хэмжээгээр багасгах бодлого хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах.

4. Согтууруулах ундааг худалдаалдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн тоог зохистой харьцаанд хүртэл бууруулах. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн талаарх нормативыг тухайн орон нутгийн хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан шинэчлэн тогтоож, мөрдүүлэх[6] шаардлагатай байна.

Тусгай зөвшөөрөл олгохыг тодорхой хугацаагаар хязгаарлан, тавигдах шаардлагыг өндөржүүлэх, ажлын байрны дүгнэлтийг үндэслэн чанарын болон эрүүл ахуйн стандартын зэрэглэл тогтоож, чанаржуулах.

5. Ажиллах цагийн хязгаарлалтыг өөрчлөх. Согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх цаг, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хуваарьт хязгааралт хийх талаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009.07.01ий өдрийн 91 дүгээр тогтоолын 1 дүгээр заалт ИТХ-ын тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын гуравдугаар хавсралтад заасан үйлчилгээний газруудын ажиллах цагт өөрчлөлт оруулж, шөнийн 00.00 цагт хаах хязгаар тогтоож, цаашид мөрдүүлсүгэй/ -ыг 2010.07.14-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэг, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүндрэл учруулж байх тул Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.8-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэсэн заалтыг өөрчилж, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх  зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын зэрэглэлийг харгалзан  цагийн хязгаарлалтыг ялгавартай тогтоох.

6. Архины хор хөнөөл, сөрөг үр дагаврыг иргэдэд таниулах, сэрэмжлүүлэх ажлыг далайцтай зохион байгуулах. Архидан согтуурах явдал, түүнээс үүдсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн үүсгэл, санаачлагыг дэмжиж хөгжүүлэхэд түлхүү анхаарах.

           Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132 дугаар зүйлд заасан “Архидан согтуурахтай тэмцэх сан”-гийн үйл ажиллагааг сэргээж, иргэд, олон нийтэд хууль тогтоомж, архины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгаа явуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлэн дэмжихэд зарцуулах.

          7. Эрүүлжүүлэх үйл ажиллагааны харьяаллыг шийдвэрлэх. 2003 онд батлагдсан “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийн зорилтыг “...согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг цагдаагийн байгууллагын хяналтад авч, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, албадан эрүүлжүүлэх...” гэж тодорхойлсон боловч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг эмнэлгийн бус нөхцөлд, эмнэл зүйн арга хэрэглэлгүйгээр албадан эрүүлжүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт заасан “Монгол улсын иргэн нь эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 3 дугаар зүйлд тунхагласан “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэсэн заалтуудтай утга агуулгын хувьд зөрчилдөж байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, хордсон, ухаан алдсан, гудамж талбайд хэвийн бус явсан хүнийг эрүүлжүүлэх нь эрүүл болгох, эмчлэх замаар хордлогыг тайлах гэдэг утгаар биш иргэд архидан согтуурсаны улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эрхийг нь албадан хязгаарлаж байгаа явдал юм.

Цагдаагийн байгууллага энэ хуулийг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг эрүүлжүүлэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эмчилгээ, сувилгаа хийх эрх зүйн болон эмнэлэг, үйлчилгээний нөхцөл боломжгүй юм.

Өнөөгийн нөхцөлд эрүүлжүүлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллага дангаараа гүйцэтгэх бус эрүүл мэндийн байгууллага нь энэ үйл ажиллагааг хариуцаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлгийн журмаар эрүүлжүүлж, сэргээх, хордлого тайлах эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх, архинд донтолтын үе шатыг тодорхойлж дараагийн шатны арга хэмжээ авах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх байдлаар ажиллах шаардлагатай байна.

 


[1] Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3.1 дэх хэсэг

[2] Нийгмийн хэв журам хамгаалах газрын гаргасан мэдээгээр

[3] Үндэсний статистикийн хорооноос гаргасан согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспортын мэдээллийг ашигласан болно.

[4] Нийгмийн хэв журам хамгаалах газрын гаргасан 2009 оны мэдээгээр

[5] Үндэсний статистикийн хорооноос гаргасан урьдчилсан мэдээгээр 2009 оны нийт хүн ам 2 694 955, 16 ба түүнээс дээш насны хүн ам 1 897 299, 18 ба түүнээс дээш насны хүн ам 1 788 148

[6] Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундааг борлуулдаг, түүгээр үйлчилдэг 3400, нэг дүүрэгт 500 орчим дээрх аж ахуйн нэгж, байгууллагын тоонд харьцуулахад 176 хүнд нэг аж ахуйн нэгж, байгууллага оногдож, Үйлдвэрлэл худалдааны сайдын 2008 оны 05 дугаар тушаалаар батлагдсан 2000 хүн ам тутамд нэг аж ахуйн нэгж, байгууллага байхаар тооцсон нормативаас 11.3 дахин их байна.



Comments

Жаргалан жаргалан, энэ ертөнцийн түмэн жаргалан, түүний дотор эрүүл энхийн жаргалаан гэж

Сүүлийн бичлэгүүд

. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал
. Хүн худалдаал гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх зарим асуудал
. Архидан согтуурал ба эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал
. Согтуурал ба гэмт хэрэг
. Зөвлөмж
. Өөдрөг явахыг хүссэн 25 санамж
. Миний блог
. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ болон гэмт хэрэг, зөрчлийн байдалд 2009 онд хийсэн дүн шинжилгээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо
. mongolxvv
. tungaamaa
. uka
. arius
. Чойрын Хүү

Бичлэг: 3 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн





 
xaax